АНУ-д моргейжийн зээлийн хүү дөрвөн долоо хоног дараалан өслөө. 30 жилийн хугацаатай зээлийн хүү 3.05 хувь болж, өмнөх оны долоодугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байна.
Вакцинжуулалт, эдийн засгийг дэмжих 1.9 их наяд ам.долларын төсөв батлагдсан нь зээлийн хүү өсөхөд нөлөөлжээ. Түүнчлэн эдийн засгийн сэргэлт эрчимжихэд нөлөөлж байгаа аж. АНУ-д нийт айл өрхийн хөрөнгө 2020 оны эцсээр шинэ дээд түвшинд хүрч өссөн байна. Холбооны Нөөцийн банкны мэдээлснээр өрхийн хөрөнгийн хэмжээ 5.6 хувиар өсөж, 130 их наяд ам.доллар хүрчээ.
Нөгөө талаас нийлүүлэлт хангалтгүй байгаа нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлж байгаа аж. Эдийн засгийн нөхцөл сайжирч, өрхийн орлого нэмэгдэж, худалдан авалтын чадвар сайжирснаар орон сууцны борлуулалт өсөх төлөвтэй байна.