Найруулагч Д.Бямбасүрэнгийн "Алтан судал” уран сайхны кино Женев хотноо болсон кино наадмаас хошой шагнал хүртжээ.
Тодруулбал, эл бүтээл хүний эрхийн "FIFDH” кино наадмаас "Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон "Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус хүртсэн байна. Энэ нь кино наадмын түүхэнд нэг кинонд хоёр шагнал олгосон анхны тохиолдол болсныг уран бүтээлчид онцолжээ.
"Basis Berlin” кино продакшн, "Монгол Телевиз”, "Broadcasting Berlin-Brandenburg”-ийн хамтын энэхүү бүтээл өнгөрсөн жил Берлиний кино наадамд нээлтээ хийсэн билээ. Эл бүтээл Оскарт нэр дэвшиж байсан "Ингэн нулимс” кино, "Шар нохойн там”, "Эзэн Богдын хоёр загал” киноны найруулагч Д.Бямбасүрэнгийн 4 дэх уран бүтээл юм.
Уг кинонд Монголын нүүдэлчин амьдралын талаар өгүүлнэ. Гадаадын уул уурхайн компаниуд хүрээлэн буй орчноо хайр найргүй сүйтгэх бөгөөд 11 настай Амараа хүүгийн аав тэднийг эсэргүүцсэн сүүлчийн нүүдэлчдийн удирдагч юм. Гэвч аав нь харамсалтайгаар нас барсны дараа хүү эцгийнхээ тэмцлийг үргэлжлүүлэхээр шийднэ.
Энэ жил Оскарын шагналын "Олон улсын шилдэг уран сайхны кино" төрөлд уг бүтээл нэр төрөлд дэвшиж, өрсөлдөнө. Энэ жил уг төрөлд 15 бүтээл нэр дэвших юм.
Оскарын 93 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 15-ны өдөр зарлаж, ёслолыг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ