УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуулийн төслийн талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцуулсан. МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 30 дугаар тогтоолоор байгуулагдсан Хүүхдийн төлөө фондын санхүүжилтээр 68 цэцэрлэг, 10 гаруй эмнэлэг, пионерийн 70 гаруй зуслан, Хуримын ордон, Монголын Хүүхдийн ордон зэрэг нийт 200 гаруй бүтээн байгуулалт бий болгосон. Энэ нь хүүхдийн эрх, хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг.
Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор "Хүүхдийн төлөө Фонд” Засгийн газрын тусгай сан байгуулахыг дэмжсэн. Ийнхүү Монгол Улсын төр засаг, ард иргэдээс хүүхдийн сайн сайхны төлөө санаачлага гаргаж, асуудлыг шийдвэрлэж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү үйл хэргийг уламжлал болгон хэрэгжүүлж, хүүхдийн төлөө хөрөнгө оруулахыг дэмжих хэрэгцээ шаардлага байгааг салбарын сайд танилцуулгадаа онцолсон.
Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих нь тэднийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чухал алхам болох тул Хүүхдийн төлөө сан байгуулах, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулсныг танилцуулгад дурджээ.
Монгол Улсын Ерөнхий сайдаас автотээврийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг захиалах эрхийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг хүүхдийн хөгжлийг дэмжсэн ажил, бүтээн байгуулалтад зарцуулах чиглэл өгсөн. Энэ дагуу "Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д сонирхол татсан улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулан худалдан борлуулж байна. Судалгаанаас харахад улсын бүртгэлийн нийслэлийн 396, орон нутгийн 18 дугаарыг захиалах эрхийг дуудлага худалдаанд үнэ хаялцуулан борлуулсан орлого, дуудлага худалдааны босго үнийн дүнгээр тооцоход жилд 387 сая төгрөгөөс 6 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдэх тооцоо судалгаа гарсан байна.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Хүүхдийн төлөө сангийн хүүхдийн төлөө бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгыг тодорхойлж, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг дээрхээс гадна хандив, тусламж болон хүүхдийн сайн сайхны төлөө зохион байгуулсан соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээний орлогоос бүрдүүлэхээр тодорхойлсон гэдгийг ХНХ-ын сайд танилцуулгадаа дурдлаа.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төсөл батлагдсанаар "НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” -ийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн хөгжих эрхийн төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, тусламжийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Х.Булгантуяа, Ж.Батжаргал, Г.Амартүвшин, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, саналаа илэрхийлэв. Гишүүд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэрийн орлого тодорхой, тогтмол эсэхийг тодруулахын зэрэгцээ, авто тээврийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдаанаас хэчнээн төгрөг хуримтлагдсаныг лавлаж байлаа. Мөн уг сан аймаг, орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулах салбар нэгжтэй байх, эсэх, өнгөрсөн онд хүүхдийн төлөө цахим тоглолт зохион байгуулж, ард түмнээс цуглуулсан хандивыг уг санд шилжүүлэх талаар илүүтэй сонирхов.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Хуулийн төсөлд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсөв, хандив, тусламж, автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг борлуулсан орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр заасан гэж хариулав. Мөн тэрбээр, Хүүхдийн төлөө үндэсний фондын тусгай сан нэгдсэн байх бөгөөд орон нутагт салбар, нэгж байгуулахгүй гэдгийг тодотгов. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсаны дараа тусгай сан байгуулагдах холбогдох журам гаргана хэмээв.
Харин Соёлын дэд сайд М.Батбаяр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Соёлын яамнаас хүүхдэд зориулсан бүтээн байгуулах ажлыг дэмжих зорилгоор "Монгол соёл, монгол хүүхэд” цахим тоглолтыг санаачлан зохион байгуулж, соёл урлагийн байгууллагууд, урлаг соёлын одод дэмжсэн. Энэ цахим тоглолтоос нийтдээ 2,2 тэрбум төгрөг цуглаж, арилжааны дөрвөн банканд байршуулсан бөгөөд хүүхдийн тусгай сан байгуулагдаад данстай болохоор хүүхдэд зориулсан бүтээн байгууллалтыг дэмжих зорилгын хүрээнд уг хөрөнгийг шилжүүлнэ гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Өнөөдрийн байдлаар автотээврийн улсын бүртгэлийн дугаарын нээлттэй дуудлага худалдаагаар 203 дугаарыг борлуулж, нийтдээ 454 сая төгрөг цугларсан бөгөөд хамгийн дээд талын үнэ нь 45 сая 200 мянган төгрөгт хүрсэн бол дугаарын дундаж үнэ таван сая төгрөг байна гэж ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ хариулав.
Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.