"Өнө мөнх орон”, "Жамаас”, "Цагийн аяс” зэрэг томоохон уран бүтээлийг сонсогчдын чихэнд бус зүрхэнд хүртэл дуулсан "Увертюра” хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагвыг "Уран бүтээлчийн цаг” буландаа урьлаа. "Дууг хоолойны цараар бус, ухааны цараар амилуулдаг” хэмээн ярих түүнтэй уран бүтээлийн ярилцлага өрнүүлсэн юм.
-Сайн байна уу. Сүүлийн жил гаруй хугацаанд уран бүтээлчид ковидын улмаас нам гүм байлаа. "Увертюра" хамтлагийн хувьд сүүлийн үеийн сонин сайхан их үү?
-Сайн байна уу. Бидний хувьд хорио цээрийн хугацаанд нийгмийн сэтгэлзүйг эерэгээр нэг тийш нь залах гэж хичээлээ. Урлаг, уран сайхан хорионд орсон энэ үед нийгэм их бухимдалтай болсон байна. Хүмүүс сайхан концерт үзмээр, олон хүн цугласан газар очиж, дуулмаар, орилмоор байдаг. Тэр бүх юм нь хаагдчихаар нийгэм бүхэлдээ стресстэй байна. Түүнийг бид аль болох зөөллөж, "Увертюра-2020” тоглолтоо онлайнаар хийсэн. Мөн энэ жил олон тэгш ой таарч буй их ерөөлтэй жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан Ш.Сүрэнжавын үг, Ш.Өлзийбаярын хөгжим "Тусгаар тогтнол” дууг уртын дуучин Д.Ширмэнтуяа, дуурийн дуучин Б.Долгормаа нартай хамтран дуулсан.
-"Увертюра" хамтлаг байгуулагдаад цөөнгүй жил болсон. Гэхдээ анх байгуулагдаж байсан түүх уншигчдад сонирхолтой байх болов уу?
-Манай хамтлаг анх таван гишүүнтэй байсан. Хөгжим, бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн ангийн таван хүүхэд. Оюутан байх хугацаандаа дотно найзалж, нөхөрлөдөг, тэмцээн уралдаанд ангийнхаа хүүхдүүдийг уриалан оролцдог, ангийнхаа манлай сурагчид байлаа шүү дээ. Тэр үерхлээ үргэлжлүүлэн 2009 онд манай хамтлагийн гишүүн Ж.Ганбаатар санаачлан хамтлаг байгуулагдаж байсан. Анхны уран бүтээл яруу найрагч Л.Өлзийтөгсийн шүлэг, УГЗ Б.Шарав гуайн хөгжим "Өнө мөнх орон” хэмээх дуу байдаг. Хүмүүс энэ дууг сайн мэднэ дээ.
-Анх таван гишүүнтэй байсан гэлээ. Хамтлагаас нэг уран бүтээлч гарахад түүний орон зай хэр дутагддаг вэ. Мэдээж анх байгуулагдахад гишүүн бүр өөрийн үүрэгтэй байсан байх?
-Манай найз бидэнтэй хол явж чадалгүй, хамтлагаасаа гарсан. Тавуулаа дуулдаг байхдаа өөрсдийгөө тодорхойлсон уран бүтээл туурвиж амжаагүй байсан юм. Дандаа хуучны дуунуудыг коверлож дуулдаг байлаа. Анхны уран бүтээл болох "Өнө мөнх орон” дуун дээр бид дөрвүүлээ л байсан. Тиймээс уран бүтээлийн тал дээр үгүйлэгдээд байх нь гайгүй. Манай тав дахь гишүүн "Би хамтлагтаа байсан бол” хэмээн хаяа дурсдаг. Гэхдээ яах вэ тэр хүний зураг, төөрөг нь тийм байх. Мөн найз маань амьдралаа бодсон. Нөгөө талдаа эр хүн шиг зан гаргасан.
-"Увертюра" хамтлаг анх л эх орны сэдэвтэй, үндэсний хэмжээний том уран бүтээл амилуулж гарч ирсэн. "Өнө мөнх орон” дуу гэхэд л яруу найрагч Л.Өлзийтөгсийн үг, хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн ая байх жишээний. Тэгэхээр Монгол поп опера урсгалаар дуулах саналыг хэн гаргаж байсан бэ. Хэрхэн дэлхийн урлагийг хөрсөндөө буулгах болов?
-Анхнаасаа тэгээд тодорхойлсон байсан л даа. Бид анх хамтлаг байгуулахдаа поп опера чиглэлээр дуулна гэж байсан болохоос яг поп опера чиглэлээс ямар төрлөөр дуулах вэ гэдгээ тодорхойлж чадахгүй л байсан. Тухайн үед "Нюанс” хамтлаг, дэлхийд бол "IL DIVO” хамтлаг шиг гаднын поп опера дууг үргэлжлүүлэн дуулна хэмээн боддог байсан. Уран бүтээлийн бодлого тал дээр манай "Анир” студийн Б.Алтанхуяг ах маань тодорхойлж өгсөн. Хуучны том том уран бүтээлийг шинэчилж, орчин үеийн залууст хүргэх, тэр чиглэлээрээ гаднын зах зээлд гарах зорилготой байсан.
-Манай улсад урлагийн зах зээл жижиг, өрсөлдөөн ихтэй салбар шүү дээ. Энэ их өрсөлдөөн, жил дараалан төрөх хамтлаг дуучидтай зэрэгцэн "Увертюра" хамтлагийн нэрийг дархалж үлдээнэ гэдэг маш их хөдөлмөр байх тийм үү?
-Биднийг бага байхад хамтлагийн улаан фен гэж байсан юм. "Камертон” "Backstreet boys” зэрэг хамтлагийг одоо болтол шүтэж, шинэ уран бүтээл төрөхийг нь хүлээж байна шүү дээ. Сүүлийн жилүүдэд дэлхий эрчимтэй өөрчлөгдөж байна. Тэр дундаа урлаг. Мэдээллийн шугам, суваг маш өргөн болсон. Тухайн үед төвлөрсөн нэг телевизтэй, ФМ дөнгөж байгуулагдаж байсан үе. Кассет гарвал хуулж аваад л, зогсоож байгаад үгийг нь хуулж бичдэг байлаа. Одоо бол тийм зүйл байхгүй шүү дээ. Нэг жилд дуучин мэргэжлээр 100 гаруй уран бүтээлчид төгсч байна. Түүнээс мэргэжлийн байгууллагад ороод ажиллах хүн цөөхөн шүү дээ. Ихэнх нь чөлөөт уран бүтээлч болно. Тиймээс нэг хамтлаг, нэг дуучны улаан фен болно гэдэг зүйл бараг байхгүй болсон. Хүнд маш олон сонголт гарч ирлээ л дээ. Манай хамтлагийн хувьд байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд өөрсдийн сонсогчийг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр ажиллаж ирсэн.
-Анх сонсогчид та бүхнийг хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Анх гарч ирэхэд ойлгоогүй ээ. Бидний хувьд 2009 онд байгуулагдаад "Өнө мөнх орон” "Цагийн аяс” "Амьддаа бие биенээ хайрла” зэрэг том том уран бүтээлийг барьж авч дуулдаг байсан. Түүнээс гурван жилийн дараа бидний уран бүтээл хүмүүст ойлгогдож эхэлсэн. Одоо "Цагийн аяс” дууг гаргаж ирээд дуулах юм бол хүмүүс шууд хүлээж авна. Яагаад гэвэл сонсогчдын оюуны чадал нь арай өөр болсон байна. Хэн нь ам барьж байна, хэн нь амьд дуулж байна гэдгийг маш сайн мэддэг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн дуучин, нийтийн дуучин хоёрыг ялгадаг болсон.
Бидний хувьд уран бүтээлээ түрүүлээд хийчихсэн юм болов уу. Хийсэн уран бүтээлээ таван жилийн дараа гаргаж тавихад ид моодонд орж байх жишээний. 2014 онд орон нутгаар аялан тоглолт хийхэд биднийг ер нь мэдэхгүй байсан. Уг нь хамтлаг байгуулагдаад хэдэн жил болчихсон, цомгоо гаргаад, бие даасан тоглолтоо хийсэн байхад орон нутагт биднийг хүлээж авахгүй байсан. Сүүлд 2017 онд 21 аймгаа тойрон, аялан тоглолт хийхэд сонсогчид тэс өөр болсон байсан. Биднийг нөгөө хэцүү, хэцүү, том дуугаа дуулахад сонсогчид огт өөрөөр хүлээж авдаг болсон байх жишээний.
-Та түрүүн уран бүтээлээрээ гаднын зах зээлд өрсөлдөх зорилготой хэмээн хэлсэн. Тэгвэл гаднын улс орнуудтай харилцаа холбоо хэр байна. Уран бүтээлчдэд тийм боломж, нөөц хэр байдаг вэ?
-Хувиараа л гадагшаа уран бүтээлээ гаргах шугамаа хайдаг. Европын оронд бид өөрсдөө л холбогдож, тоглолтоо хийж байсан. Гадаад харилцааны тал дээр төрийн хэдэн байгууллагууд айлчлал, төрийн арга хэмжээнд оролцохоор явдаг л даа. Түүнээс уран бүтээлчдэд гадаад зах зээл их хомс. Харин бидний нэг онцлог байдаг. Монгол поп опера чиглэлээр үндэсний дээл хувцсаа өмсөөд, хаана ч очсон амьд хөгжимтэй дуулах чадвартай. Мөн уран бүтээлүүд маань монгол ахуйтай. Тэгсэн хэрнээ мэргэжлийн сонсогдоно. Гаднын иргэд түүнийг маш сайн ялгана. Хэн нь мэргэжлийн дуучин бэ гэдгийг сайн мэднэ. Тиймээс тэр тал дээр нүүр бардам байдаг шүү. Олон ч тайзан дээр Монголынхоо нэрийг гаргаж л явсан. "The Khu” хамтлаг гэхэд л дэлхийд дархлагдаж байна шүү дээ. Тэр хүмүүс өөрсдөө л гаднын зах зээлд гарах сувгаа хайсан байхгүй юу. Тиймээс бид ялгаагүй гаднын зах зээлд өрсөлдөх сувгаа өөрсдөө л олох хэрэгтэй.
-"Увертюра" хамтлаг Өвөрмонгол ахан дүүстэй их ойр нөхөрлөж, уран бүтээл туурвиж өгдөг хэмээн дуулсан. Нутаг ус, эх орноо магтан дуулдаг болохоор Өвөрмонголчуудад танай хамтлаг их таалагддаг байх тийм үү?
-Тийм ээ, бидний хувьд 2014 оноос хойш өвөрмонголчуудтай сайн, дотно харилцаа, холбоотой болсон. Хэд хэдэн аймаг, хошуудын сүлд дууг дуулсан. Мөн жил болгон Цагаан сарын тоглолтод нь оролцдог.
-Нуулгүй хэлэхэд манай улсын урлагийн зах зээл жижиг учраас уран бүтээлчид өвөрмонголчуудад захиалгын уран бүтээл хийж өгдөг шиг. Өвөрмонголчуудын хувьд ч сайн уран бүтээлийг өндрөөр үнэлэх тохиолдол бий. Үүн дээр таны байр суурь ямар байдаг вэ?
-За яах вэ. Бидэнд өвөрмонголчуудыг Хятад гэж боддог байсан үе бий. Урагшаа ирж, очдоггүй байхдаа өвөрмонголчууд бол Хятад л гэж ихэнх хүн ойлгодог байсан. Сүүлд хүмүүстэй нь харилцаад, нийгмийн харилцаанд нь ороод ирэхээр ер нь монголчуудаа л түшиж яваа ард түмэн гэдгийг ойлгоод зөвхөн урлаг, сочл гэлтгүй бүх талын харилцаа маань өргөжиж, хамтын ажиллагаа маш их болсон шүү дээ.
Ялгаа байхгүй Халимаг, Буриад ард түмэн тийм л дээ. Манай хамтлаг Халимагт тоглолтоор очиход хадаг, сүү барьсан буурлууд угтаж "Өглөө болгон цайныхаа дээжийг та нарынхаа зүгт өргөдөг шүү” хэмээн сэтгэгдэлээ хэлж байсан. Тэр бүү хэл тоглолтын хувцас үнэрлээд "Монголын гоё үнэр үнэртэж байна” гэж байсан. Өвөрмонголд очиход "Яг манай монголчууд байна. Биднийг зориод ирж буйд элэг маань дэвтэж байна” хэмээн уйлж билээ. Урлаг, соёлын тал дээр бид маш сайн ойлголцож, хамтарч ажилладаг. Захиалгын хэд хэдэн уран бүтээл бий.
-Монголын бусад бага ястан танай хамтлагийн талаар хэр сайн мэдэх вэ. Харилцаа холбоо сайн байдаг уу?
-Харилцаа холбоо төдийлөн сайн биш ээ. Манай дуурийн дуучин Г.Ариунбаатар бид хэд ойр л доо. Тэгсэн Г.Ариунбаатар "Би Улан-Үдэд өндөр зэрэглэлтэй. Тэр хэрээрээ маш олон арга хэмжээнд оролцдог. Яг танай хамтлаг шиг дөрвөн залуу надтай байнга тааралддаг. Тэгээд танай уран бүтээлүүдийг дуулдаг” гэж байсан. Түүнд нь манай хамтлаг их баярласан. Яах вэ, зохиогчийн эрх аваагүй гээд асуудал үүснэ л дээ. Гэхдээ Монголын уран бүтээлийг Улан-Үдэд таниулж байна. Мөн Г.Ариунбаатар ямар зэрэглэлтэй билээ, тэгэхэд түүнтэй хамт дуулаад явна гэдэг бидний хувьд том нөлөөлөл үзүүлсэн байна хэмээн өөрсдөөрөө бахархсан.
-Танай хамтлагийн уран бүтээлийг коверлож дуулах амаргүй байх тийм үү?
-Хэцүү шүү дээ. Бидний дууны санд дандаа том регистртэй, өргөн цар хүрээтэй уран бүтээлүүд бий. Нэг хүн хэзээ ч бидний дууг дуулж чадахгүй. Хамтлаг дөрвүүлээ дууллаа гэхэд ер нь л хэцүү дээ.
-Сүүлийн үед уран бүтээлчид дууныхаа үг, аяыг өөрсдөө зохиож байна. Танай хамтлагийн хувьд өөрсдийн үг, аятай уран бүтээл туурвих бодол бий юу?
-Түүн дээр бид өөрсдөдөө итгэдэггүй юм аа. Олон удаа оролдож үзсэн. "Өөрсдөө үгээ бичье, бусад хамтлаг болоод байхад” гээд үзсэн. Бидний онцлогоос болоод ч тэр үү болдоггүй юм билээ.
-Сүүлд "Манай гарагийн залуус” уран бүтээлийг шинэчилж цахим тоглолт хийсэн. Энэ тухай ярихгүй юу?
- "Манай гарагийн залуус” дуу зохиогдоод 20 жил болсон байна. Нийтийн дуучдын эхэн үеийн төлөөлөл болсон С.Жавхлан, Т.Баясгалан, Л.Болдбаатар зэрэг уран бүтээлчид тоглолтоо хийсэн. Тоглолтонд уран бүтээлчид өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ хүргэж, сүүлд нь "Манай гарагийн залуус” дуугаа дуулсан. Тоглолтын онцлог нь зуун хувь амьд тоглолт болсон.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.