Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Богдхан төмөр зам"-ын нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардах судалгааны ажлын санхүүжилтийг богино хугацаанд шийдвэрлэж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд, ЗТХ-ийн сайд нарт даалгалаа.
Төслийн ажлын багийн гишүүд өнөөдөр "Богдхан төмөр зам" төслийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар Ерөнхий сайдад танилцуулсан юм. Уг төсөл нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг /”УБТЗ” ХНН/-ийн гол зам Мандал өртөөнөөс салаалан Богдхан уулын урдуур тойруулж Мааньт өртөөтэй холбох чиглэлийн төмөр зам тавих төсөл юм.
Төсөл хэрэгжсэнээр, төмөр замын дамжин өнгөрөх болон бусад экспорт, импортын ачааг нийслэл дундуур өнгөрүүлэлгүй, Богд уулын урдуур тээвэрлэнэ Төмөр замын одоогийн шугамаар зорчигчийн галт тэрэг аялах буюу хот дүүргийн нийтийн зорчигч тээвэрт ашиглах боломж бүрдэх юм.
Мөн төсөл нь "УБТЗ” ХНН-ийн гол замын хамгийн өндөр хэвгийтэй, галт тэрэгний жин 4.2 мянган тонн хүртэл буурч жингийн хугарал үүсгэдэг өгсүүр хэсэг болох Эмээлт, Хоолтын давааг тойруулж тавьснаар галт тэрэгний хурд нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ бүх хэсгүүдэд ижил буюу 5800-6000 тонн жинтэйгээр аялж ачаа тээврийг жилд 5-6 сая тонноор нэмэгдүүлэх аж. Түүнчлэн Эмээлт зөрлөгөөс Хангай зөрлөг хоорондын замд байдаг хамгийн бага радиустай тахирууд дээр үүсдэг хүндрэлийг шийдвэрлэж, зам ашиглах зардлыг багасгах эдийн засгийн үр ашигтай юм. Улаанбаатар хотын автозам болон төмөр замын ачаа тээврийн ачааллыг бууруулах, эргэлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгнө хэмээн тооцож байгааг танилцууллаа.
Богдхан төмөр замыг барьж байгуулах талаар УИХ-аас 2016 онд баталсан "Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” болон "Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус тус тусгасан байдаг.
Иймд ажлын багийн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажлын урьдчилсан төсөв, төлөвлөгөөний шинэчилсэн ерөнхий мэдээллийг танилцууллаа. Нэн тэргүүнд нарийвчилсан зураг төсөл боловсруулахад шаардах судалгааны ажлыг эхлүүлэх нь зүйтэйг Ерөнхий сайд тэмдэглэсэн юм. Сангийн сайд, ЗТХ-ийн сайд нар судалгааны ажлын санхүүжилтийг богино хугацаанд шийдвэрлэх гарцыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов.