Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр ХӨСҮТ-д ажиллав. Энэ үеэр тус төвийн хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болж, цахилгаан болон хийн шугамыг холбож турших ажил бүрэн дууссан тухай ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдэгдлээ.
"Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн ажлыг өргөтгөх, хүртээмжийг нэмэх зорилгоор өмнө нь Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд хүчилтөрөгчийн үйлдвэр барих үүрэг өгсөн. Өдгөө тус үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ.
ХӨСҮТ-ийн хүчилтөрөгч дамжуулах төв нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлэх хүчин чадалтай, ханган нийлүүлэх явц тасалддаг, өндөр даралттай баллоныг зөөвөрлөдөг байсан юм. Тус үйлдвэр ашиглалтад орсноор, өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон "КОВИД-19" халдварын эмчилгээний өрөөнд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломжтой болж байна.
"ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээнээс хамаарч жилд 360 сая орчим төгрөгийн зардал гардаг байсан бол халдварын тархвар өсөн нэмэгдэж байгаагаас үүдэж 7 хоногт 30 гаруй сая төгрөгийн зардал гарч байна. Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор, эдгээр зардлыг хэмнэж, ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой боллоо” хэмээн ХӨСҮТ-ын захирал Л.Баттөр дурдлаа.
ХӨСҮТ нь хоногт 80-120 баллон хүчилтөрөгчийг хэрэглэж, нэг баллоныг 5 цаг цэнэглэж байгаа бол үйлдвэр ашиглалтад орсноор хоногт 160-180 баллон хүчилтөрөгч үйлдвэрлэж, цагт 5-6 баллон давхар цэнэглэж нөөцлөх хүчин чадалтай юм. Мөн шаардлагатай үед бусад эмнэлгүүдийг хүчилтөрөгчөөр хангах боломжтой аж.
Мэдикал компани нийгмийн хариуцлагын хүрээнд, үйлдвэрийн барилгын 80 сая төгрөгийн зардлыг компанийнхаа хөрөнгөөр шийдвэрлэжээ.