Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлсэн Засгийн газрынхаа ажлын эхний 100 хоногийн тайланг тавилаа. Энэ үеэр тэрбээр, Засгийн газрын 11-11 төвийн утсаар иргэдээс ирсэн асуултад хариуллаа.
-Коронавирусний халдвар аваад гэртээ эмчлүүлж байгаа иргэдэд эмнэлгийн үйлчилгээ хангалтгүй байна. Үүнд анхаарч өгнө үү?
-Эмнэлгийн үйлчилгээний асуудлыг няталж анхаарна. Эрүүл мэндийн салбарт нэлээд санхүүжилт хийж шинэчлэх бодлого барьж байгаа.
-Он гарсаар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байна. Холбогдох арга хэмжээг авч өгнө үү?
-Засгийн газраас 300 мянган төгрөг тарааснаас хойш өргөн хэрэглээний барааны үнэ, үхрийн мах болон бусад зүйлд өсөлт гарсан. Гэхдээ буцаад бууж байгаа шинж тэмдэг илэрч байна. Тиймээс цаашдаа тогтвортой байх боломжтой.
-PUBG, Dota зэрэг интернэт тогтлоомыг хориглох талаар холбогдох арга хэмжээг авч өгнө үү?
-Интернэт тоглоомыг хориглох асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар анхааралдаа авна уу. Үнэхээр асуудал байгаа бол анхаарах нь зүйтэй.
-Ерөнхий сайд дээл өмссөн байгаа нь энэ жил наадмаа хийнэ гэсэн итгэл төрүүлж байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэх үү?
-Засгийн газар Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэж, наадмаа хийхийн төлөө зорьж байгаа. Үүний төлөө иргэн бүрийн хичээл зүтгэл чухал. Хүн төрөлхтөнд вакцинжуулалтаас өөр гарц байхгүй тул дарлхаажуулах арга хэмжээг авч байна. Мөн цар тахлын улмаас олон хүний эрдэнэт амь хохирч байгаад Ерөнхий сайдын хувиар, тэдний ар гэр, төрөл төрөгсдөд чин сэтгэлийн эмгэнэл илэрхийлж байна. Цаашдаа халдварын тохиолдол, нас баралтыг багасгах чиглэлд Засгийн газар бүх хүчээ дайчлах болно. Иргэд маань ч халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж илүү хариуцлагатай байх хэрэгтэй. Улстөрчид ч мөн нөхцөл байдлыг ойлгож, улстөржилгүй асуудалд хандаж нэгдмэл байх нь чухал байна.