УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Түр хороо байгуулах тухай тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлав.
Уг тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс сонгогдсон гишүүд санаачлан боловсруулж, энэ сарын 21-нд өргөн мэдүүлсэн юм.
Улаанбаатар хот нь 9 дүүрэг, 169 хороотой бөгөөд хүн амын тоо 1 597 290 болж, манай улсын нийт хүн амын 48 орчим хувь нь амьдарч байна. Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 125 мянган аж ахуйн нэгжийн 75 хувь нь нийслэл хотод төвлөрдөг. Түүнчлэн нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 24 их наяд 683 тэрбум төгрөгт хүрсэн нь үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 66.7 орчим хувьтай тэнцэж байгаа аж. Дээр дурдсан тоон үзүүлэлтээс үзэхэд Улаанбаатар хот нь 1.6 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болоод байгаа хэдий ч хүн амын төвлөрөлтэй холбоотой сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүрэлцээ, хүртээмж хангалтгүй, авто замын ачаалал хэтэрч, төвлөрөл бий болоод байна. Энэ үндсэн дээр айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаан, дулааны тогтвортой эх үүсвэрээр найдвартай хангах, замын түгжрэл, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.
Тиймээс Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, олон улсад өрсөлдөх чадвартай, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгож хөгжүүлэх асуудлыг Улсын Их Хурлын Байнгын хорооны түвшинд авч үзэх шаардлагыг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.
Нийслэлээс энэ удаагийн УИХ-д нийт 23 гишүүн (С.Амарсайхан, Г.Амартүвшин, П.Анужин, Т.Аюурсайхан, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Т.Доржханд, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ж.Сүхбаатар, Н.Учрал, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр) сонгогдсон бөгөөд тэдэнтэй Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт нарын гишүүд нэгдэж, Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг санаачилжээ.
Тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 51.3 хувь дэмжиж, батлав.
Харин Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг хойшлуулснаар чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.