Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн Их Британи улсад амьдарч буй 187 иргэний 54 хувь нь энэ сарын 30-нд саналаа өгсөн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу Лондон дахь ЭСЯ-нд байрлах 17 дугаар салбар комисст урьдчилан бүртгүүлж, сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь баталгаажсан иргэд өнөөдөр 7.00-22.00 цагт хүртэл санал өгөх боломжтой юм.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу гадаадад амьдарч байгаа иргэдийн саналыг авахаар 30 улсад байгаа 44 дипломат төлөөлөгчийн газарт санал авах ажлыг зохион байгуулах салбар комисс ажиллаж байна. Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа 7394 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсэн юм.