Монгол Улс агаарын хилээ өчигдөр нээсэн бөгөөд одоогоор 10 улстай харилцан зорчих боломжтойг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ, Киргиз улстай харилцан хилээ нээлттэй болгоод байгаа аж. Харин ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг манай улстай хамгийн их харилцан зорчдог улсуудтай агаарын хил нээх асуудлаар дипломат шугамаар яриа, хэлэлцээ хийж буйг тэмдэглэв.
Өнөөдрийн байдлаар, дэлхийн 110 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаагаад байгаа юм. Хил нээх нь зөвхөн нэг улсаас хамаарах асуудал биш учраас цаашид дипломат шугамаар яриа, хэлэлцээ хийсний үр дүнд бусад орнуудтай агаарын хил нээх боломж бүрдэнэ гэдгийг онцлов.
Монгол Улсад ирэх иргэдэд вакцины давтан тунд хамрагдсан байх шаардлага тавихгүй бөгөөд хэрэв вакцинд хамрагдаагүй бол 14 хоног тусгаарлана. Харин вакцины давтанд тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол гэрийн тусгаарлалтад долоо хоног ажиглах юм байна. Мөн халдваргүй буюу ногоон бүсээс ирж буй иргэнийг долоо хоногийн тусгаарлах дэглэм мөрдүүлэхээр журамд тусгажээ.