Израил улс ням гарагаас эхлэн 12-оос 15 насны хүүхдүүдээ вакцинд хамруулж эхэллээ. Тус улсын дархлаажуулалтын аян дэлхийд хамгийн хурдацтай явагдаж байгаагаараа онцлогтой.
Өнөөдрийн байдлаар хүн амынх нь тал хувь нь Pfizer/BioNTech-ийн вакцины хоёр дахь тунд хамрагдаад байна. Тус улсад 16-гаас дээш насныхныг вакцинжуулах аян амжилттай явагдаж хөл хорионы дэглэмээ цуцалсан бөгөөд халдварын тархалт нэмэгдээгүй аж. Тус улс даяар олон мянган өсвөр настнууд вакцины эхний тундаа хамрагдахаар бүртгүүлжээ.
Хүүхдүүдээ вакцинд хамруулж байгаа болон хамруулахаар төлөвлөж буй улс орнууд:
- Эстони улс ирэх намраас өсвөр настнуудаа вакцинд хамруулна
- Франц улс зургаадугаар сарын 15-наас 12-оос дээш насныханд Pfizer вакциныг санал болгоно
- Герман, Польш улс зургаадугаар сарын 7-ноос өсвөр настнуудаа вакцинжуулж эхэлнэ
- Их Британи Pfizer вакциныг өсвөр насныханд хийхийг зөвшөөрсөн ч вакцинжуулалтаа эхлэх эсэхийг эрх баригчид шийдэх үлдээд байна
- Япон улсад 12-оос дээш насныханд Pfizer вакцин хийхийг зөвшөөрлөө
- Тавдугаар сарын дундаас АНУ-д 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн.