Монгол телевизийн уран бүтээл "Ододтой бүжиглэе" шоу нэвтрүүлгийн ялагчдаар Б.Баттөр, Б.Халиун нар тодорч, гялтгар цом, 50 сая төгрөгийн эзэд боллоо. Тэд шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивлах болсноо зарлалаа.
Бүжгийн урлагийн яруу тансгийг мэдрүүлж, олон нийтэд бүжгийн гайхамшгийг сурталчлан таниулж чадсан энэхүү нэвтрүүлэг 13 долоо хоног буюу бүтэн гурван сар гаруйн хугацаанд үргэлжилсэн юм.
Тус шоу нэвтрүүлгийн сүүлийн шатанд
-Ц.Аззаяа, Н.Отгонжаргал,
-Т.Бадамжав, Б.Алтанхөлөг,
-Б.Баттөр, Б.Халиун
-Н.Цэцэнбилэг, Б.Золжаргал нар үлдсэн билээ.
Нэвтрүүлгийн сүүлийн шатанд оролцогч бүр гурван бүжиг бүжиглэсэн бөгөөд эхний хэсэгт шүүгчдийн даалгавраар өмнө нь бүжиглэж байсан үзүүлбэрүүдээ толилуулсан.
Ц.Аззаяа, Н.Отгонжаргал нарт шүүгчид нэвтрүүлгийн анхны дугаарт бүжиглэсэн жайв бүжгийг дахин бүжиглэх даалгавар өгсөн бол Н.Цэцэнбилэг, Б.Золжаргал хоёр шүүгчдийн даалгавраар Ча Ча Чагаа дахин бүжиглэлээ. Т.Бадамжав, Б.Алтанхөлөг нар салса бүжиглэсэн бол Б.Баттөр, Б.Халиун нар "Араатан ба гоо үзэсгэлэн" хүүхэлдэйн киноны дүрээр толилуулж байсан удаан фокстротоо толилуулав.
Нэвтрүүлгийн хоёрдугаар хэсэгт оролцогч нар шоу дэнс үзүүлбэрээ толилуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авлаа.
Ц.Аззаяа, Н.Отгонжаргал нар рокн ролл суурьтай шоу дэнс үзүүлбэрээ үзүүллээ.
Н.Цэцэнбилэг, Б.Золжаргал нар Ча Ча Ча суурьтай шоу дэнс үзүүлбэрээ толилууллаа.
Т.Бадамжав, Б.Алтанхөлөг нар контемпорари суурьтай шоу дэнс бүжиглэлээ.
Б.Баттөр, Б.Халиун нар стрийт дэнс суурьтай шоу дэнс үзүүлбэрээ толилууллаа.
Нэвтрүүлгийн гуравдугаар хэсэгт үзэгчдийн саналаар хамгийн олон санал авсан оролцогчид үлдэж, хамгийн бага саналтай хос буюу оролцогч Ц.Аззаяа, Н.Отгонжаргал нар хасагдсан юм.
Гуравдугаар хэсэгт оролцогчид өөрсдийн сонгосон бүжгээ бүжиглэсэн.
Зургийн эх сурвалж: Монгол ТВ Фэйсбүүк хуудас