УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөснийг тус Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.
Тус хуулийг Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогчдын холбоо, МҮХАҮТ, Засгийн газар, УИХ хамтран тал талын оролцоотой боловсруулан баталдаг онцлогтойг УИХ-ын гишүүн, төслийн ажлын багийн ахлагч Ц.Мөнх-Оргил мэдээллийн үеэр тодотгов. Уг хуулийн төслийг 2018 онд өргөн барьсан бөгөөд гурван жилийн хугацаанд ажлын баг тал талын оролцоотой төслийг боловсруулж буйг онцлов. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хууль нь 1999 оны тавдугаар сарын 14-нд батлагдаж байсан. Түүнээс хойш 22 жилийн хугацаа өнгөрч хөдөлмөрийн зах зээлийн бүтэц өөрчлөгдсөн гэдгийг тэрээр дурдаж байлаа. Өөрөөр хэлбэл, 1999 онд Засгийн газар нийт ажилчдын 80-90 хувьд нь ажил олгож байсан бол зах зээлд шилжсэнээр ажил олгогчид олноор бий болсон юм.
Мөн хуралдаанаар, Ерөнхий сайдын гурван мэдээллийг сонссон байна. Тодруулбал, нэгдүгээрт, коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, хоёрдугаарт төсвийн тодотгол, гуравдугаарт цаашид эдинй засгаа сэргээх чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээлэл сонссон гэдгийг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийн үеэр дурдав. Засгийн газар цар тахлын нөхцөл байдалтай холбоотой асуудлаар тодорхой шийдвэр гаргана хэмээн тодотгов.
Төсвийн тодотголын асуудлыг Үндэсний их баяр наадмаас өмнө буюу хаврын чуулганаар хэлэлцэж шийдэх нь зүйтэй гэж ярилцсан байна.