Улсын онцгой комиссын 20-р хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, вакцины дараах дархлаа тогтцын судалгааны талаар хэлэлцсэн байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд
- 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь,
- 2 дугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байгаа бөгөөд ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтцын талаар болон вакцины үр нөлөөний судалгааг хийсэн байна. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75.4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоожээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй гэдгийг мэдэгджээ.
Тэрбээр "Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй гэдгийг энд хариуцлагатайгаар мэдэгдье. Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, Таны амь нас эрстэхгүй байх боломжтой” гэдгийг онцолсон байна.
ХӨСҮТ-өөс хийж буй судалгаанд нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушгины хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэлжээ. Тэрээр "Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.