БНАСАУ Мьянмарт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх НҮБ-ын төсөлд 300 мянган ам.доллар хандивлажээ. Энэ нь БНАСАУ-ын хувьд олон улсын хүмүүнлэгийн тусламжийн аянд нэгдсэн ховор тохиолдол болж байна.
"Мьянмарт коронавирустэй тэмцэх, хоол хүнс болон бусад тусламж үзүүлэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлсэн төсөлд БНАСАУ хандив өгсөн” гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан газраас пүрэв гарагт мэдээлжээ.
Ийнхүү БНАСАУ нь уг төсөлд хувь нэмрээ оруулсан олон арван улс орон, байгууллагуудын нэг болжээ. БНСУ үүнд мөн 600 мянган ам.доллар хандивласан байна.
Мьянмарт хоёрдугаар сард цэргийн эргэлт гарснаас хойш эмх замбараагүй байдал газар аваад буй юм. БНАСАУ, Мьянмарын хувьд найрсаг харилцаагаа хадгалсаар ирсэн орнууд билээ.
Нэгдүгээр сард БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Мьянмарын Ерөнхийлөгчид улс тусгаар тогтносны 73 жилийн баярын мэнд хүргээд, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа улам хөгжинө гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.