БНХАУ-ын баруун хойд нутгаас 2015 онд олдсон олдворуудыг дэлхий дээр амьдарч байсан хамгийн том сүүн тэжээлтэн амьтнуудын нэгд тооцогдох эртний аварга хирсийн шинэ төрөл зүйлийнх гэж үзэж байгаагаа судлаачид мэдээлжээ.
26.5 сая жилийн тэртээ амьдарч байсан "Paraceratherium linxiaense” нь 21 тонн жинтэй байсан нь Африкийн дөрвөн том заантай ойролцоо юм. Мөн өндөр нь долоон метрт хүрнэ хэмээн тооцоолж буй нь анаашнаас өндөр биетэй байсныг нь харуулж байна.
Судлаачид Ганьсу мужаас олдсон үлдэгдлүүдийг судалсны дүнд энэхүү дүгнэлтийг хийжээ. Тодруулбал, 2015 онд Ваньжячуань тосгоны ойролцоогоос олдсон үлдэгдлүүдийг өмнө нь олдож байсан аварга хирснүүдийнхээс өөр, шинэ төрөл зүйлийнх хэмээн үзэж байгаа талаар "Communications Biology” сэтгүүлд пүрэв гарагт нийтэлсэн судалгаанд бичсэн байна.
"Сайн хадгалагдсан гавал, эрүүний яснаас нь үзэхэд тухайн амьтан нарийхан гавалтай байснаас гадна орчин үеийн тапиртай төстэй хамартай байсныг харуулж байна” гэж Бээжин хот дахь Сээр нуруутан амьтдын палеонтологи, палеоантропологийн хүрээлэнгийн доктор Дэн Таогийн ахалсан судалгаанд тэмдэглэжээ.
Судлаачдын баг мөн шинэ төрөл зүйл нь Пакистанд амьдарч байсан аварга хирснүүдтэй нягт холбоотой байсныг тогтоож, тэдгээрийг Төв Ази дамнан нүүдэллэдэг байсан гэх таамаглалыг дэвшүүлсэн байна. Хэрэв тэд Хятадын баруун хойд нутгаас Энэтхэг-Пакистаны салбар тивийн хооронд чөлөөтэй хэсүүчилдэг байсан гэвэл тухайн цаг үед Төвөдийн өндөрлөг нь нам дор хэсгүүдтэй байсан байж магадгүй байна гэж судлаачид мэдээлжээ.