Япон улс манай экспортын 8004 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татвараас шууд чөлөөлсөн. Харин манай улс Японоос импортолж буй 3423 төрлийн барааг мөн дээрх татвараас чөлөөлсөн. Энэ бол хоёр орны хооронд 2016 онд байгуулан хэрэгжүүлж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүн юм. Тодруулбал, дээрх хэлэлцээрээр Монгол Улсын тал 5700 орчим, Японы тал 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлсөн.
Хэлэлцээр байгуулснаар Монголын үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг Японы зах зээлд танилцуулж экспортыг нэмэгдүүлэхээр талууд хамтран ажиллаж байна. Япон улс руу хийж буй манай экспортын гол нэрийн бараанд самнасан ноолуур, ноолууран бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлж байгаа. Сүүлийн жилүүдэд экспортын нэр төрөл хүнсний бүтээгдэхүүн, арьсан эдлэл, ноосон бүтээгдэхүүн, экологийн бусад бүтээгдэхүүнээр нэмэгдэж буй.
Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр 5 жил болж байна. 2022 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Эдгээр ой, жилийг угтан хоёр талын бизнес уулзалт, үзэсгэлэнг зохиох гэж байна. Тодруулбал, Япон улсад Монголын үндэсний бүтээгдэхүүний үзэсгэлэнг нөхцөл байдалтай уялдуулан дэлхий дахины дижитал шилжилтэд нийцүүлэн анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.