Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хорооны хоёрдугаар улирлын ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цахимаар танилцуулав.
Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаанаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, тэдгээрийн ирээдүйн хандлагыг харгалзан үзэж, бодлогын хоёр шийдвэр гаргасан байна. Үүнд:
- Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах,
- Урт хугацаат, дахин санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны гуравдугаар улиралд олгох санхүүжилтийн хэмжээг 250 тэрбум хүртэл төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.
Инфляц ойрын хугацаанд зорилтот түвшинд буюу 6 хувь байна гэв. Одоогоор инфляц нийслэлд 6.7 хувь, улсын хэмжээнд 6.2 хувь байна. Үүнд эдийн засгийн өсөлт, иргэдэд олгосон бэлэн мөнгө, махны үнийн өсөлт нөлөөлжээ.