Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий дэх "Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орсноор тус нисэх буудлын нэвтрэх цэгүүдэд суурилуулсан цацраг идэвхт материал илрүүлэх зориулалт бүхий хяналтын төхөөрөмжүүдийг ашиглаж эхэллээ.
Цацраг идэвхт бодисыг хил, гааль дээр ашигладаг рентген тоног төхөөрөмж, металл илрүүлэгч зэрэг аюулгүй байдлыг хангах хэрэгслээр илрүүлэх боломжгүй. Иймд мэргэжлийн байгууллагаас цацраг идэвхт бодис илрүүлэх хяналтын төхөөрөмж суурилуулах шаардлагатай тухай хүсэлтээ АНУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлсний дагуу "Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар таван тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий 20 ширхэг цацрагийн хяналтын төхөөрөмжийг 2018 онд суурилуулсан юм.
МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын байцаагчид тус төхөөрөмжийг хүлээн авч угсрах, суурилуулах, ашиглалтад оруулах явцад хяналт тавьжээ.
Олон улсын атомын энергийн агентлагийн "Цөмийн материал, цацраг идэвхт үүсгүүрийн хууль бус хөдөлгөөний сан”-гийн (Incident and Trafficking Database-ITDB) мэдээллээр өнгөрсөн онд дэлхийн 25 улсад 13 төрлийн цацраг идэвхт материал бүхий 127 удаагийн тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан улс орон бүр цөмийн материалын хууль бус шилжилт хөдөлгөөнийг хянах, хяналтаас гадуурх цөмийн материал, цацраг идэвхт бодисыг хугацаа алдалгүй олж илрүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тавьж буй хяналтыг өндөржүүлсээр байгааг МХЕГ-аас мэдээлэв.