Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 20-нд олгох талаар мэдээлсэн. Харин ХНХ-ын сайд А.Ариунзаяа хүүхдийн мөнгийг маргаашаас олгохоор болсон талаар мэдээлэв.
Тэрбээр "Өчигдөр УИХ-ын нэгдсэн xуулганаар Монгол Улсын 2021 оны төсвийн тодотгол батлагдсан. "Ковид-19” цар тахлын үед ард иргэд, өрх гэр бүлийн орлого хамгаалах чиглэлд хүүхдийн мөнгөний хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн дүнгээр буюу 100 мянган төгрөгөөр 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн олгох шийдвэр гарсан.
Мөн хэдийгээр баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэхгүй, хойшлуулах шийдвэр гаргасан ч Бүх нийтийн амралтын өдрүүдийг хэвээр үлдээсэн. Иймээс иргэдийг гэр бүлийн орчинд, олны хөлөөс хол, агаар салхинд халвдар хамгааллаа сахин Наадмын амралтын өдрүүдийг ая тухтай, аюулгүй өнгөрөөхийг уриалж байна. Маргааш буюу 7 дугаар сарын 9-нд хүүхдийн мөнгө олгоно" гэж цахим хуудаснаа мэдээллээ.