Нийслэлийн Хан-Уул дүүргийн зургадугаар хороо буюу Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай холбоотойгоор Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллалаа.
Энэ үеэр ГЗБА-ны дарга А.Энхманлай "Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар орон сууцны зориулалттай барилга барихаар анх энэ газрыг олгож, 2010 онд компанийн нэр дээр шилжсэн байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2018 онд хоёр жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаагүй үндэслэлээр компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч тухайн компани Захиргааны хэргийн шүүхэд хандаж, шүүхээс Нийслэлийн Засаг даргын захирамжийг цуцлах шийдвэр 2019 онд гарсан” хэмээв.
Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар "Бид нөхцөл байдлыг судлан, тухайн аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж, хууль ёсны дагуу асуудалд хандана. Аль болох зөвшилцөлд хүрч, асуудлыг шийднэ” гэжээ.
Энэ газрын маргааны талаар төр, хувийн хэвшил, иргэд гурван талт зөвшилцөлд хүрнэ гэдгийг албаныхан онцолсныг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээллээ.