Эмийн хяналт зохицуулалт хариуцсан ажлын баг Монгол Улсын Шадар сайдын даалгаврын хүрээнд дүүргийн эмнэлгүүд болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн цар тахлын үеийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд хяналт шалгалт хийжээ.
КОВИД-19-өөр халдварлаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд өгөх ремдесивир, умифеновир зэрэг вирусний эсрэг эмийн нөөц бага байгаа нь өвчтөний ар гэрээс эм тариа авчруулах үндэс болдог байна. Иймд нэн түрүүнд шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй байгааг Ажлын багийнхэн хэлж байна. Мөн маш хүнд, хүнд ангиллын өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгүүд төрөөс тогтоосон эмчилгээний төсвөөс хэд дахин илүү зардлаар эмчилгээ хийж байгаа нь бодит зардлын зөрүүг үүсгэх болжээ. Иймд нэгдсэн стандарт бий болгож олон улсын эмчилгээний удирдамжийн дагуу үйл ажиллагааг мөрдүүлж хэвшүүлэх нь чухал байгаа аж. Улмаар эмчилгээний нэгдсэн удирдамжийн дагуу эмчилгээ, үйлчилгээ нь хийж байгаа, эсэхэд өвчтөн болон тэдгээрийн ар гэрийнхэн хяналт тавих боломжийг бүрдүүлж, иргэдээс гомдол, мэдээлэл авах тусгай дугаар ажиллуулах хэрэгтэй байгааг дуулгав.
Ажлын багийн мэдээллийг сонссоны дараа Шадар сайд , "КОВИД-ын халдвар манай эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлыг ил болгож өглөө. Тогтолцоогоороо гажуудсаны нэг илрэл нь өнөөг хүртэл бид эмчилгээ үйлчилгээний стандарт, нэгдсэн удирдамж хэвшүүлээгүй явж ирсэн явдал. Нэгдсэн удирдамж, стандарт байхгүй учраас эмч эмнэлгийн ажилтнууд хувийн үзэмж, хандлагаараа өвчтөнүүдэд хандаж, дур дурын эм, тариагаа бичиж өгдөг. Тиймээс КОВИД-19-ийн үеийн эмчилгээний нэгдсэн удирдамжаа яаралтай батлуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой. Үүнд иргэдийн оролцоог хангахын тулд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төвийн 1111 дугаарын утсаар эмнэлгүүдийн эм, эмийн хэрэгслийн хангамж болоод эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гомдол саналыг хүлээн авах шугам нээж ажиллуулна” хэмээв.
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааг жигдрүүлж, хараат бусаар ажлаа явуулах боломжийг бүрдүүлснээр эмийн дээд үнийн хязгаарыг тогтоох асуудал цэгцэрч, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, өндөр үнэтэй, олдоц ховор эмийн нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлэх боломж нээгдэх учраас энэ талд анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Энэ сарын нэгнээс хойш эмнэлгүүдийг өвчтөний ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх үүргийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн билээ. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг гаднаас авдаг эм, тарианы судалгааг төв, алба, тасгуудаас гаргуулж байгаа аж. Харин ХӨСҮТ Эмзүйн албанд гаднаас их авахуулдаг эм, тарианы сарын хэрэгцээний судалгааг хийлгэхийн зэрэгцээ эмчилгээнд хамгийн их хэрэглэгддэг эм, тариаг тасалдалгүй нийлүүлэх боломжийн талаар эм ханган нийлүүлэх байгууллагуудаас судалж эхэлжээ.