Монгол Улсын соёлын элчээр томилогдож буй Л.Энхмэндийг Швед улсад хавсран суугаа Элчин сайд Т.Жанабазар өнөөдөр хүлээн авч уулзав.
Швед Улсад Соёлын элчээр томилогдож буй Л.Энхмэндэд Элчин сайд "Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав.
Л.Энхмэнд нь 2008-2012 Чех улсад, 2012 оноос Швед Улсад ажиллаж амьдарч байна. Түүний 2014 онд үүсгэн байгуулсан "Гэгээн Эгшиг" ардын хөгжмийн хамтлаг Швед болон Европын улсуудад урлагийн тоглолтоо толилуулж, Европын бүс нутагт тогтмол зохион байгуулагддаг урлагийн фествалиудад амжилттай оролцсоор ирсэн. Тэрбээр Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн бөгөөд 1999 - 2021 оны хугацаанд 40 гаруй дуу хөгжмийн уран бүтээл туурвиж, 2015 онд МУСТА цол тэмдгээр шагнагдсан.
Соёлын элч нь Монгол Улсын түүх, соёл, урлаг, спортыг гадаад оронд таниулан сурталчлах, өөрийн амьдран суугаа орон болон Монгол Улсын хооронд соёл, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж ажилладаг.