Монгол Улсын Засгийн газар хууль эрхзүйн орчныг тогтвортой байлгах зорилт тавьж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр болсон "Цар тахлын үеийн эдийн засаг” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр онцоллоо.
Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийг УИХ, Захиргааны хэргийн шүүх, эсхүл дараагийн Засгийн газар нь үгүйсгэдэг байсан. Энэ нь Монгол Улсыг дэлхий нийтэд ойлгомжгүй, тогтворгүй байдлаар харуулах үндэс болж байсан гэдгийг Ерөнхий сайд онцлоод энэ бүх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр ажлын баг байгуулж, Улсын дээд шүүх, УЕПГ, АТГ-ын удирдлагуудтай уулзалт хийж байгааг дурдлаа.
Тэрбээр, "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нарт тодорхойгүй байдал үүсгэдэг байсан бүх асуудлын төлөө үе үеийн Засгийн газрын өмнөөс Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Өнгөрсөн үеийн алдаа оноогоо дүгнээд ирээдүйг шинээр эхлэхийн тул Ерөнхий сайдын хувьд өөрөөс шалтгаалах бүх цаг, боломжоо ашиглана гэдгээ амлаж байна. Энэ дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нэгдмэл байр суурьтай байгаа гэдгийг хэлэх нь зөв. Тиймээс өнөө маргаашийн асуудалд тулга тойрсон байдлаар бус илүү их ирээдүйгээ харж, Алсын хараа-2050-ийг хэрэгжүүлэх, нэг хүнд ногдох ДНБ-ийг 4000 ам.доллар 8000-10 000 ам.долларт хүргэхийн төлөө, амдралын чанарыг дээшлүүлж, авлигалын индексийг 111-ээс хоёр оронтой тоо руу буулгах, төрийн үйлчилгээг цахимаар хурдтай, нээлттэй болгохын төлөө богино хугацаанд ажиллана. Монгол Улсын бодлогыг тогтвортой байлгах боломжийн талаар УИХ-ын гишүүдтэй ч ярилцаж байгаа” хэмээв.
Мөн өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллага бол бусад орны Засгийн газартэй байгуулаад хэрэгжүүлээгүй Санамж бичгийг судлах ажлын баг гаргасан байна. Уг ажлын багийн тайланг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сар бүр Засгийн газрын хуралд танилцуулж, Санамж бичгийг хэрэгжүүлээгүй шгалтгааныг тогтоох дотоод ауйдит хийж байгааг онцолсон юм.
Тэрбээр, "Аль ч үед, ямар Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа байсан хамаагүй. Засгийн газар шийдвэр гаргасан л бол хариуцлагаа хүлээнэ. Тухайлбал, Франц улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр тогтоод байсан хоёр, гурван төсөл зогссон байсан асуудалд Засгийн газар уучлалт гуйн буулт хийж, улмаар цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Мөн Казахстаны Засгийн газрын өмнө буулт хийсэн. Эгийн голын УЦС барих асуудлаар оросын хөрөнгө оруулагч нартай ярьж байгаад хятадын хөрөнгө оруулагч руу шилжсэн асуудалд мөн уучлалт гуйж, алдаагаа засаж байгаа. Японы хөрөнгө оруулалтын хувьд газрын маргааны улмаас хэрэгжүүлж чадаагүй хоёр гурван асуудалд мөн буулт хийж, процедурын алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад гэвэл ардчилсан нийгэмд шилжих үеийн 30 жил дууссан. Одоо илүү төлөвшсөн, шилжилтийн үеэ дуусгасан улс орон гэдгээ нотлон харуулах ёстой. Тиймээс эрх зүйн орчин туйлын тогтвортой байх, хууль өндөр шүүлтүүрээр баталж, эрх зүйн акт бүхнийг орчуулдаг болох ёстой” хэмээсэн юм.