Хилийн Замын-Үүд боомтоор өдөрт 170 автомашин нэвтэрч байгаас 100-110 нь экспортын өргөн хэрэглээний бараа тээвэрлэж байна. Үүнтэй зэрэгцэн төмөр замаар тээвэрлэх ачаа барааны эргэлт сайжирч байна. Тодруулбал, БНХАУ-ын талаас Эрээний боомтоос ирж буй ачаа барааг өргөн төмөр замаар ачиж эхэлсэн. Үүний дагуу төмөр замын тээвэр жигдэрч сайжрах нөхцөл байдал бий болж буйг Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга Б.Отгонсүх мэдээллээ. Вагоны эргэлт сайжирвал өдөртөө 50 вагон ачаа ачихаар төлөвлөж байна. Төмөр замын тээвэр нэмэгдсэнээр Эрээний боомт дахь ачааны тоо харьцангуй багасах төлөвтэй байгаа аж.
Замын-Үүд боомт дахь гаалийн байгууллага хяналтын 12 бүсээр үйлчилгээ үзүүлж ачаа барааг өдөрт нь олгох ажлыг хийж байна. Төмөр замын хувьд вагоноор нэг төрлийн ачаа ачиж байна. Тухайлбал, барилгын материал, арматур, төмөр хийц зэрэг бараа материалыг нэг ачилтад багтааж байна. Эрээний боомтод 50 мянган тонн ачаа байснаас одоо хилийн боомт дээр 20 мянган тонн нь үлдэж, 30 мянган тонныг оруулаад байна. Үлдсэн 20 мянган тонн ачааг энэ 8 дугаар сард багтаан авснаар экспортын болон импортын ачаа тээвэр хэвийн горимд шилжих аж.
Хилийн Боомтын зөвлөлийн мэдээллээр 7 дугаар сарын сүүлээр импортын ачаа бараа, тээвэр автозамаар 50-60 хувиар өссөн бол экспорт 10 орчим хувиар нэмэгдсэн гэсэн үзүүлэлт гарчээ. КОВИД-19 цар тахлын онцгой нөхцөлд зөвхөн Замын-Үүдээр зогсохгүй, хилийн бүх боомтын үйл ажиллагааны чиг үүргийг Боомтын зөвлөлөөр дамжуулан ажиллаж байна.