АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри албан тушаалaa хашиж эхэлснээсээ хойш анх удаа Японд айлчилж, Байгаль орчны сайд Шинжиро Коизүмитэй уулзахаар төлөвлөж байна гэж нэгэн дипломат эх сурвалж пүрэв гарагт мэдээлжээ.
"CNN” телевизийн мэдээлснээр, Ж.Керри ирэх 10 дугаар сарын эцсээр болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурлыг угтан энэ сарын 31-нд Япон улсад, есдүгээр сарын 1-3-нд БНХАУ-д хүрэлцэн очиж, уур амьсгалын асуудал хариуцсан өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзах ажээ.
"АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгчийн хувиар БНХАУ-д хоёр дахь удаагаа айлчлах гэж буй Ж.Керри тус улсын уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Се Жэньхуатай уулзаж, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлаа бууруулах, нүүрсний хэрэглээнээс татгалзах хугацаагаа түргэтгэхийг хүснэ” гэж "CNN” мэдээлжээ.
Дэлхийд нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлын хэмжээгээрээ нэгдүгээрт бичигддэгч орон болох БНХАУ нь "CO2”-ын ялгарлаа 2030 оноос өмнө дээд хэмжээнд хүргэж, 2060 он гэхэд ийм хийн ялгарлаа тэглэх зорилт тавиад буй юм. Харин АНУ, Япон тэргүүтэй олон орны хувьд 2050 он гэхэд хийн ялгарлаа тэглэхээ амлаад буй тул Ж.Керри одоогийнхоосоо илүү их эрмэлзлэл бүхий зорилт дэвшүүлэхийг Бээжинд уриалж магадгүй байна.