МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, "Урбанек” компанийн захирал Б.Лхагважав нар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бизнесийн харилцааг тэлэх талаар харилцан санал солилцлоо. Тодруулбал, талууд цаашид хоёр орны хүнс, барилга, уул уурхайн салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.
Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко энэ оны 11 дүгээр сард тус улсын Гадаад хэргийн сайд Збигнев Рау Монгол Улсад айлчлахтай холбогдуулан "Монгол-Польшийн бизнес форум” зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулан, энэ үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг хүслээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин харилцан санал солилцсонд талархаад, МҮХАҮТ нь Монголын бизнес эрхлэгчдийг дэмжих, холбох чиг үүрэгтэй төдийгүй Танхимаас бүх санал хүсэлтийг хүлээн авч, дэмжин ажиллахаа илэрхийлжээ.