Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй энэ сарын 10-нд дээд түвшний цахим уулзалт хийнэ. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд сүүлийн 4 жилд хийж буй анхны уулзалт юм.
Монгол Улс, БНСУ-ын хооронд 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирсэн бөгөөд эдүгээ БНСУ нь манай худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш орон болж, хоёр улсын харилцаа 2011 оноос "Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд эрчимтэй хөгжиж байна. Энэ удаагийн цахим уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улс, БНСУ-ын харилцааг "Стратегийн түншлэл”-ийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэх талаар тохиролцоно.
Цахим уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиглэлүүдийг тодорхойлно. Мөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх болон иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байна.