Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын үүрэг даалгаврын дагуу Хотын даргын орлогч нар иргэдтэй уулзаж байна.
Иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдэх зорилготой юм.
Иргэд газрын давхцал арилгуулах, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьж, бусдын эзэмшил газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгуулах шаардлагатайг албаныханд уламжилж байв. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барих талаар тус дүүргийн зургадугаар хорооны иргэдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар холбогдох байгууллагад даалгавар өгөв. Тухайлбал, Баянзүрх дүүрэг дэх Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзварыг өргөтгөх, орон сууцны хорооллуудад дундын холбоос зам гарган замын хөдөлгөөний ачааллыг багасгах, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг барих талаар тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзах, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ажлын хэсэг гаргаж, дээрх иргэдийн газрын маргааныг хуулийн дагуу шалган, шийдэхийг үүрэг болголоо.
НЗДТГ-аас дээрх үүрэг даалгаврыг албажуулж, хэрэгжүүлэхэд анхаарч байгаа бөгөөд ийм уулзалтыг цаашид тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ.