Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх тухай нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар хүргэсэн юм.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Л.Амармөрөн "”Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн зургаан газрын 14 хэлтсээс давхардсан тоогоор 304 офицер, 281 цагдаа, нийт 585 алба хаагч 12 дугаар сарын 10-ны өдрөөс 23-ны хооронд хяналт, шалгалт хийж, нийт 3690 иргэн, 6254 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, нийт 530 зөрчил илрүүллээ. Арванхоёрдугаар сард согтууруулах ундааны хэрэглээ Улаанбаатар хотын хэмжээнд маш их нэмэгдсэн. Эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг байсан бол шинэ жилийн баярын өдрүүдэд 300 гаруй хүн өдөрт эрүүлжүүлэгдэж байна. Мөн энэ сард халаасны хулгайн 86 гэмт хэрэг бүртгэгдсэн. Иймд зах худалдааны төвөөр баярын ширээний хүнсээ бэлтгэхээр явахдаа анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй үйлчлүүлэхийг иргэддээ Цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна” гэв.
НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан "Нийслэлийн Онцгой байдлын газраас шинэ жилийн баяр тэмдэглэн өнгөрүүлэх, хүлээн авалт зохион байгуулах болон томоохон худалдааны төвүүдийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж буй хяналт, шалгалт үргэлжилж байна. Шалгалтаар 95 объектыг шалгалтад хамруулж, 462 зөрчил илрүүлэн, газар дээр нь 124 буюу 26.8 хувийн зөрчлийг арилгуулж, Улсын байцаагчийн зөрчил арилгуулах тухай хугацаатай үүрэг өгч ажиллалаа” гэсэн юм.
Мөн шинэ он солигдох мөчид пиротехникийн хэрэгсэл буюу бидний нэрлэж заншсанаар салют буудуулах ажиллагаа явагддаг. Салют буудуулахад нийслэлийн Онцгой байдлын газраас онцгой анхаарал хандуулан ажиллана. Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэглээний пиротехникийн хэрэгслийг худалдаалах, ашиглахыг НИТХ тогтоолоор бүрэн хориглосон. Уул уурхайн яамнаас пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд Улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийн тусгай зөвшөөрөл авсан "Очир ундраа”, "Протек” гэсэн хоёр компани бий. Шаардлагатай тохиолдолд эдгээр албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг худалдан авч болох ба мэргэжлийн операторчноор буудуулах шаардлагатай гэдгийг Онцгой байдлын газраас анхаарууллаа. Ингэхдээ барилга байгууламж, битүү орчинд пиротехникийн хэрэгслийг ашиглахыг хориглодог гэдгийг сануулсан юм. Нийслэлийн онцгой байдлын газрын 150 албан хаагч 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс