Иргэний зориг, ногоон нам (ИЗНН)-аас төрийн бүх шатны сонгуулийн саналыг гараар тоолдог болох уриалга гаргажээ.
Уг уриалгыг тус намын Ерөнхий нарийн дарга А.Баатархүү өнөөдөр нийтэд танилцуулав. Уриалгын эхэнд 2012 оноос хойш бүх шатны сонгуульд хэрэглэж ирсэн "New image cast” буюу бидний хэлж заншсанаар "хар машин” нь хэт хоцрогдсон бөгөөд сонгуулийн санал тоолох явцад луйвар хийх боломжтой хэмээн ИЗНН үзсэн гэдгийг онцолжээ. Улмаар бүх шатны сонгуулийн саналын хуудсыг төхөөрөмжөөр бус 100 хувь гараар тоолдог болох санал гаргаж байгаа аж. Түүнчлэн Англи, Герман зэрэг өндөр хөгжилтэй орнууд уг төхөөрөмжийг хэрэглэхээс татгалзсан гэдгийг онцлоод уг уриалгыг ажил хэрэг болгохын тулд бүх намтай хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж буй юм. Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм. ИЗНН-аас Сонгинохайрхан дүүрэгт Шагдарсүрэнгийн Гантулгыг нэр дэвшүүлснийг СЕХ бүртгээд байгаа билээ.