Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Олон улсын санхүүгийн корпорац /ОУСК/-ын Ази, Номхон далайн бүсийн дэд ерөнхийлөгч Альфонсо Гарсиа Мора нар хотын тогтвортой дэд бүтцийн хөгжилд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын баримт бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр нийслэлийн ногоон, дижитал шилжилтийг дэмжих хүрээнд хоёр тал хамтран хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлох, орчин үеийн дэвшилтэт дэд бүтцийн байгууламжуудад оруулах хувийн санхүүжилтийг нэмэх чиглэлд хамтран ажиллах юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар санамж бичгийн талаар "Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсантай холбогдуулан нийслэлийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг эрх зүйн талаас нь дэмжих боломж бүрдэж байгаа. Тус хуулийн хүрээнд хотын дүрэм журам, норм, стандартыг тогтоох шаардлагатай. Иймээс энэ удаагийн санамж бичгийг байгуулсан нь нийслэл хотын дүрэм журам, норм стандарт, дэд бүтэц, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалттай уялдсан санхүүгийн томоохон дэмжлэг босгох суурь нөхцөл бүрдэх юм. Жишээлбэл, концессын гэрээгээр хийх томоохон ажлыг зохицуулах зохицуулалтыг оруулах, Улаанбаатар хотын хөгжлийн бонд гаргахад техникийн туслалцаа үзүүлэх төдийгүй хотын ногоон байгууламжийг нэмэхэд ч харилцан ойлголцлын санамж бичиг чухал нөлөө үзүүлнэ” хэмээжээ. Ххарилцан ойлголцлын санамж бичгийг цаг үеэ олсон, хотын хувьд тун олзуурхууштай, томоохон дэвшил гарах алхам хэмээн онцлов.
ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов "ОУСК нийслэл хотуудын дэд бүтэц, бусад тулгамдсан асуудлыг санхүүжүүлэх санхүүжилтийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцсоор ирсэн. Улаанбаатар хотын хувьд анх удаа томоохон төсөл хөтөлбөрийг хоёр талын хамтын ажиллагааны санамж бичгээр төлөвлөн байгууллаа. Улаанбаатар хот тун зоримог төлөвлөгөө, асуудал дэвшүүлснээрээ онцлогтой. Тухайлбал, дэд бүтцээ хөгжүүлэх, ногоон дэд бүтэц, тогтвортой дэд бүтцийг байгуулах зэргээр төлөвлөгөө гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхэд тогтвортой, олон тулгуурт, найдвартай санхүүжилт шаардлагатай тул ОУСК-аас Улаанбаатар хотыг дэмжихээр санамж бичгийг байгууллаа” гэжээ.
Цахимаар гарын үсэг зурсан үйл ажиллагааг ОУСК-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгч Руфат Алимарданов удирдан явуулав. ОУСК нь Дэлхийн банк группийн гишүүн бөгөөд хөгжиж буй зах зээлд хувийн хэвшлийг дэмждэг, дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм.