Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоунтай өнөөдөр уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг урагшлуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхэд Их Британийн төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаа онцлов. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн менежмент, хотын бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт, замын хөдөлгөөний хяналт, зохицуулалтын ухаалаг шийдэл зэрэг хотын тулгамдсан асуудлын хүрээнд Лондон хоттой харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоун Улаанбаатар хот болон Их Британийн муж, хотууд хоорондын харилцааг өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа онцлоод, Хотын даргын уулзалтын үеэр дурдсан хамтын ажиллагааны асуудлыг судалж, дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.