2022 оны өвлийн Олимпын XXIV наадмын галт бамбарыг Афин хотоос Бээжинд авчирчээ.
Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид бүхий нисэх онгоц лхагва гаргийн өглөө БНХАУ-ын нийслэл Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна.
Галт бамбарыг Грекийн эртний Олимпын тууринд даваа гарагт асаасан бөгөөд мягмар гарагт өвлийн Олимпын наадмыг зохион байгуулагчдад хүлээлгэн өгчээ. Энэхүү ёслол Афины цагаан гантиган цэнгэлдэх хүрээлэн болох "Панатинаикос"-т болсон бөгөөд Грекийн Ерөнхийлөгч Катерина Сакелларопулу, Грекийн Үндэсний олимпын хорооны (ҮОХ) тэргүүн Спирос Капралос, 2022 оны Бээжингийн өвлийн Олимп, Паралимпийн наадмыг зохион байгуулах хорооны орлогч дарга, тусгай төлөөлөгчид, БНХАУ -ын ҮОХ-ны дэд ерөнхийлөгч Юй Зайцин болон бусад албаны хүмүүс оролцсон байна. Коронавирусний цар тахалтай холбоотой хязгаарлалтын улмаас ёслолыг үзэгчгүй зохион байгуулжээ.
Өвлийн Олимпын XXIV наадам Бээжин хотноо 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны өдрүүдэд, Паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-нд болно. 2015 оны долоодугаар сарын 31-нд Куала-Лумпур хотод болсон ОУОХ-ны чуулганаар БНХАУ-ын нийслэл хотыг өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хотоор сонгожээ.