Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж энэ үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар алслагдсан гэр хороололд эмийн хангамж, үнэ ямар байгаад шалгалт хийхийг удирдах ажилтнуудад сануулсан юм.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг бодит тооцоо, судалгаанд үндэслэн, амьдралд хэрэгжихүйц байдлаар төлөвлөх шаардлагатайг Хотын дарга тодотгов.
Мөн тэрээр, "Өмнөх ерөнхий төлөвлөгөөний биелэлт 30 хувьтай хэрэгжсэн бол шинэ ерөнхий төлөвлөгөөний биелэлт ирээдүйд дор хаяж 80 хувьтай байх ёстой. Эдийн засгийн зөв тооцоолол, Улаанбаатар хотын дотоодын нийт бүтээгдэхүүн, зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн нөхцөл зэрэг бүхий л үзүүлэлт, тооцооллыг нарийвчлан бодит амьдралд хэрэгжихээр төлөвлөгөөг боловсруулна гэдэгт итгэж байна” гэлээ.
Түүнчлэн Эрээн боомт хаагдсанаас болж, өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа барилгын материалын үнэ өсөж, асуудал үүсгэж байгаа. Энэхүү үнийн өсөлт, хөөрөгдөлт нийслэлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй ажил үйлчилгээнд саад учруулсан тохиолдол байгаа эсэхийг нягтлан хянах, "КОВИД-19” халдварт тахлын эмчилгээнд хэрэглэж буй эм, тарианы үнэ өсөхөөс сэргийлэх, ялангуяа алслагдсан гэр хороололд эмийн хангамж, үнэ ханш ямар байгааг НЭМГ, МХГ хамтран хяналт шалгалт хийхийг даалгалаа.
Мөн Хотын дарга ирэх долоо хоногт цаг үеийн дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болгов.
- Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн нөхцөл байдлын талаар үзлэг шалгалтыг тогтмолжуулах.
- Нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, холбогдох дээд шатны байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлж ажиллах.
- Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод хяналт шалгалтаа сайжруулж, үр дүнг шаардаж ажиллах зэргийг онцлов.