Соёл, урлагийн тоглолтын үеэр авах шинжилгээг тухайн байгууллага, аж ахуйн нэгж өөрсдөө зохион байгуулна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр мэдээлэв.
Засгийн газраас соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэй өнөөдрөөс нээх шийдвэр гаргасан. Ингэхдээ, үйлчилгээ авах иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах, эсхүл вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх шаардлага тавих юм. Үүнтэй холбогдуулан Засгийн газар, УОК, НОК, ЭМЯ-наас хэвлэлийн хурал хийв.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "11 дүгэр сард 15 удаагийн соёл, урлагийн тоглолт болно гэж тооцсон. Түргэвчилсэн шинжилгээг төлбөртэй авах бөгөөд тухайн байгууллага өөрсдөө энэ ажлыг зохион байгуулна. Тиймээс заавал эмнэлгийн ажилтны оролцоо шаардлагагүй. Гэхдээ эхний ээлжинд арга зүйн зөвлөгөө өгч, хяналт тавина" хэмээв.
Мөн тэрээр, нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 6 явуулын баг, 45 суурин цэг ажиллаж байгааг дурдаад, соёл урлагийн тоглолтын үеэр зохион байгуулалт хийж, тухайн газарт нь вакцинжуулах цэг байгуулах боломжтой, үүнд нэмэлт ачаалал болохгүй гэдгийг тэмдэглэв.