"Цагдаагийн байгууллагын 100 жил” маркийн анхны өдрийн нээлт өнөөдөр "Монгол шуудан” ХК-ний төв зааланд боллоо.
Монгол Улсад Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ЦЕГ-аас "Монгол шуудан” ХК-тай хамтран "Цагдаагийн байгууллагын 100 жил” сэдэвт маркийг бүтээсэн байна.
Ийнхүү дээрх марк нь "Монгол Шуудан” ХК-ний 1083 дахь сэдвийн шуудангийн марк үнэт цаас болж буйг тунхаглан зарлаж, хамтран ажиллагч байгууллагууд дугтуйнд гарын үсэг зурснаар гүйлгээнд гарлаа.
Уг марканд цагдаагийн албаны өөрчлөлт, үе үеийн дүрэмт хувцастай алба хаагчдыг дүрсэлж, цагдаагийн байгууллагын 100 жилийн түүх, өнөөгийн хөгжлийн байдлыг харуулахыг зорьсон байна.
Тус үйл ажиллагаанд ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ц.Ням-Очир, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа П.Оростогоо, "Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Марк, Үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар болон бусад албаныхан оролцсон юм.
Мөн "Цагдаагийн байгууллагын 100 жил” марк нь 45х33 мм, блок нь 125х90 мм хэмжээтэй бөгөөд зураач Г.Баттөр, дизайнер Ж.Ганхуяг нарын бүтээл аж.