Оксфордын англи хэлний толь бичгийг гаргагчид жил бүрийн 11 сард оны онцлох үгийг нэрлэдэг уламжлалтай. Энэ жилийн онцлох үгээр вакцинжуулалттай холбоотой үйл үг, нэр үг, тэмдэг нэрийн товчилсон хувилбар болох "vax” хэмээх үгийг нэрлэжээ.
"Өнгөрсөн жил манай сурвалж бичгүүдийн корпуст харьцангуй ховор байсан энэ үгийг 2021 оны есдүгээр сар гэхэд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 72 дахин их хэрэглэсэн. Эл үг нь олон тооны албан бус хам сэдэвт өдгөө бидний харж болох олон үүсмэл хэлбэрийг бий болгосон" гэж толь бичгийн албан ёсны цахим хуудсанд гарсан мэдэгдэлд дурджээ. Тухайлбал, эдгээр нь "vax sites” ("вакцин хийх газар)”, "fully vaxxed” ("вакцины тунд бүрэн хамрагдсан”), "unvaxxed” ("вакцинд хамрагдаагүй”), "anti-vaxxer” ("вакцинжуулалтын эсрэг үзэлтэй хүн”) гэх зэрэг илэрхийллүүд юм.
Өнгөрсөн онд Оксфордын толь бичиг ганц чухал үгийг онцолж чадаагүй бөгөөд оронд нь тухайн үеийнхээ байдлыг хамгийн бүрэн дүүрэн тусгасан үгсийг нэрлэжээ. 2020 оны онцлох үгсийн жагсаалтад коронавирусний цар тахалтай холбоотой үгс болох "coronavirus" ("коронавирус") өөрөө, "COVID-19” (коронавирусээр үүсгэгдсэн өвчний нэр), "lockdown” ("эрх баригчдын "COVID-19"-ийн тархалтыг хязгаарлах зорилгоор тогтоосон хорио цээрийн арга хэмжээ"), "social distancing" ("хүн хоорондын зай"), "reopening" ("дахин нээх") зэрэг үгс дээгүүр байрыг эзэлжээ.
Харин 2019 оны жагсаалтын эхэнд "climate emergency" (экологийн онц байдал) гэсэн үг орсон байна. Энэ холбоо үг 2019 онд "эрүүл мэндийн салбар дахь онц байдал" гэсэн үгнээс ч илүү олон удаа хэрэглэгджээ.