УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Төсөл санаачлагч, Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг хийв. УИХ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан тус хуульд нийцүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинээр баталсан. Эдгээр хууль тогтоомжид нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар захирамжаар "Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын баг байгуулсан. Ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гишүүдэд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, мөн ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах үүрэг бүхий УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор С.Нарангэрэл, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэлхам, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нарын бүрэлдэхүүнтэй дэд ажлын багийг Байнгын хорооны даргын шийдвэрээр байгуулан ажиллалаа.
"Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 3 удаа, дэд ажлын хэсгийн хурал 6 удаа хуралдсан. УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаанд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг танилцуулж, гишүүдээс гарсан саналыг нэмж тусгасан.
УИХ-аас 2009 онд батлагдсан "Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм” нь 7 бүлэг, 14 зүйл, 20 дэд заалттай бол шинэчилсэн найруулгын төсөл нь 12 бүлэг 71 зүйл, 26 дэд заалттай боловсруулагдсан.
Дүрмийн төсөлд УИХ-ын гишүүний ёс зүй, сахилгын асуудал, чуулганы хуралдааны дэг сахиулах, гишүүний хөрөнгө орлогын мэдүүлэг, гишүүний төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, нэгдсэн хуралдааны ирцийн асуудал, гишүүний ёс зүйн асуудлаар ирүүлсэн иргэдийн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, УИХ-ын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хариуцлага ногдуулахаар тусгасан.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бейсен, С.Бямбацогт, С.Ганбаатар, Б.Баярсайхан нар ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, төсөл санаачлагчаас асуулт асууж, тодруулга авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт төрийн албан хаагчдын ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой хийгдсэн ажил, хууль өргөн баригдах эсэх талаар тодруулав. Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ төрийн албан хаагчдын ёс зүйн хариуцлагын тухай хуулийг боловсруулах үүрэг бүхий ажлын багийн гишүүнээр ажиллаж, өнгөрсөн хугацаанд удаа дараа хэлэлцүүлэг зохион байгуулагдсан, уг хуулийг нэн яаралтай оруулах шаардлагтай гэсэн тайлбар хийв.
Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа "Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь дэмжлээ.
Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн 11 дүгээр сард Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул гишүүдийн олонхын саналаар батлагдлаа.