Мексикийн алдарт зураач Фрида Калогийн уран бүтээл АНУ-ын Нью-Йорк хотын "Sotheby's” ордонд болсон дуудлага худалдаагаар 34.9 сая ам.долларын үнэ хүрчээ.
Ингэснээр Латин Америкийн уран бүтээлчдийн бүтээлээс хамгийн өндөр үнэд хүрчээ. Өмнө нь энэхүү амжилтыг Ф.Калогийн нөхөр Диего Риверагийн бүтээл эзэмшиж байсан бөгөөд түүний бүтээл 2018 онд 9.76 сая ам.доллароор үнэлэгдэж байжээ.
Ф.Калогийн "Diego y Yo” нэртэй зураг нь түүний хамгийн сүүлийн хөрөг зургуудын нэг юм. Энэхүү зурагт бүсгүй дүүрэн нулимстай нүднийхээ дээд талд нөхөр Риверагаа дүрсэлсэн байдаг.
"Sotheby's” ордонд мягмар гарагт болсон дуудлага худалдааны үеэр энэхүү зургийг "Ф.Калогийн дуудлага худалдаагаар зарагдсан сор бүтээлүүдийн нэг” хэмээн тодорхойлжээ.
"New York Times” сонинд мэдээлснээр, "Diego y Yo” бүтээлийг Аргентинд музей байгуулсан Эдуардо Ф.Косантини гэдэг нэртэй хүн худалдан авчээ. Энэхүү зургийг хамгийн сүүлд 1990 онд дуудан худалдаалахад 1.4 сая ам.долларын үнэ хүрч байжээ