Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр НҮБ-ын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко өчигдөр болсон "Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форумд манай байгууллага эерэг үнэлгээ өгч байгаа гэжээ. Түүнчлэн НҮБ-ын ШХБ-гаас хийсэн "Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө, шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа”-ны дүнг танилцуулсан юм. Улаанбаатар хотод шилжин суурьшиж буй иргэдийн дийлэнх нь 20-29 насны залуус байгааг судалгаанд онцолжээ.
Мөн агаарын бохирдол, авто замын түгжрэл зэрэг нийслэлд тулгамдаж буй асуудал шилжих хөдөлгөөнтэй шууд холбоотой учир үүнд чиглэсэн бодлогыг судалгаанд үндэслэн сайжруулах хэрэгтэйг дурдаад, хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр хэлэхдээ "Шилжин суурьшиж буй иргэд хотын хөгжилд болон эдийн засагт эерэг нөлөө авчирдаг тул тэднийг хотын амьдралд дасан зохицох, хотын соёлд суралцахад чиглэсэн цогц төвтэй болвол үр дүнтэй байна” хэмээв.
Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва НҮБ-ын ШХБ-ас хэрэгжүүлэх ажлыг дэмжиж, хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд шилжих хөдөлгөөний асуудлыг шийдэх хувилбарыг хэлэлцэн, хамтарч ажиллах боломжуудыг судлахаар тохиролцжээ.