БНСУ-ын "Samsung Electronics” компани энэ долоо хоногт АНУ-ын Лас-Вегас хотноо болох Хэрэглээний цахилгаан барааны үзэсгэлэнгийн /CES/ үеэр олон төрлийн хэмжээтэй, дэвшилтэт технологи бүхий "Micro LED”, "Neo QLED” зурагтуудаа танилцуулна гэдгээ даваа гарагт мэдэгджээ.
Дэлхийн технологийн тэргүүлэх үзэсгэлэн энэ сарын 5-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд "Samsung” компанийн хувьд өндөр зэрэглэлийн зурагтын зах зээлд байр сууриа улам бэхжүүлэхийг зорьж байгаа ажээ. Тодруулбал, тус компани 110 инчийн дэлгэц бүхий өндөр нягтаршилтай "Micro LED” зурагтаа танилцуулахаас гадна анх удаа 101, 89 инчийн хэмжээтэй загваруудаа дэлгэн үзүүлнэ.
"Samsung”-ийн мэдээлснээр, шинэ загварууд нь аливаа дүрслэлийг илүү бодитой мэт харуулахаас гадна дижитал канвас зураг хэлбэрээр ашиглах боломжтой урлагийн горим /Art Mode/, дөрвөн өөр дэлгэцийг нэгэн зэрэг үзэх боломжийг бүрдүүлэх "Multi View Mode” хэмээх горимтой ажээ.