Европын Холбооноос "Монгол Улсын худалдааг дэмжих төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Энэ талаар төслийн удирдагч, худалдааны эксперт Георги Мирогианнис МҮХАҮТ-ын удирдлагатай уулзах үеэр мэдэгдлээ.
Уулзалтаар талууд төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхтэй холбоотойгоор энд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын оролцоо ямар байх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцав. Түүнээс төслийн талаар тодруулбал, "Манай төсөл нь Монгол Улсын гадаад худалдааны эрх зүйн орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой” гэдгийг тодотгож байв.
Европын Холбооноос манай улсын худалдаа, гаалийн хуулиудын өөрчлөлтийг дэмжин ажиллана.
Түүнчлэн Монгол Улсын экспортын боломжийг нэмэгдүүлж, чадавхыг дээшлүүлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд:
- Гадаад худалдааны тухай хуулийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хуулийн төслийг Дэлхийн худалдааны байгууллагын өнцгөөс дүгнэх,
- Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн С ангиллын хүлээх үүрэг амлалт, үүнтэй холбоотой гаалийн тухай хуулийн холбогдох нэмэлт өөрчлөлтөд мөн дэмжлэг үзүүлэх,
- Монгол Улсаас Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн хүрээнд экспортыг нэмэгдүүлэх,
- Европын зах зээл дээр гарах экспортын бүтээгдэхүүний гэрчилгээ, бүртгэлд хамтран ажиллах юм гэдгийг тэрээр хэллээ.