Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, үйлдвэрлэл, худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, банк санхүү, Их дээд сургуулийн цогцолбор, аялал жуулчлал, тээвэр ложистикийн төв бүхий шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Ажлын баг хуваарийн дагуу хуралдлаа.
Хуралдаанаар Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлыг ирэх 4 сарын 1-нээс эхлүүлэхтэй холбоотойгоор зам, дэд бүтэц, дулаан эрчим хүчний шугам сүлжээ, цэвэр бохир усны хангамж, үерийн ус зайлуулах далан суваг, хог хаягдлын менежментийн асуудлыг цогцоор нь шат дараатай шийдвэрлэх талаарх ажлын төлөвлөгөөгөө Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.
Шадар сайд С.Амарсайхан "Хөшигийн хөндийн 150 мянган хүн ам төвлөрөн суурьших хотын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөгөө улам нарийвчлан гаргаж, гүйцэтгэлийг хангах шаардлагатай. Мөн хот байгуулалт, чөлөөт бүсийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байсан олон улсын туршлагатай, дотоод гадаадын мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангаж ажиллах нь чухал. Цаашдаа өсөн нэмэгдэх ирээдүйн хэрэгцээ шаардлагыг тооцон авто зам, төмөр зам, нийтийн тээврийн LRT зэрэг шийдлийн төлөвлөлтийг зураг төсөлтэйгөө уялдуулж, хот төлөвлөлтийг хийхэд анхаарах нь зүйтэй" гэлээ. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн томоохон цогцолборын барилга байгууламжийг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, дэлхийн жишигт нийцсэн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, танилцуулахыг даалгалаа.