Германд коронавирусний өвчлөл буурч байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газрын "COVID-19”-ийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн ажлын хэсэг хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар сулруулахыг уриалжээ.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 76 465 тохиолдол шинээр илэрсэн нь өнгөрсөн долоо хоногийн мөн үеийнхээс 20 хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Мэргэжилтнүүдийн ажлын хэсгээс ням гарагт мэдээлснээр, ойрын долоо хоногуудад халдварын давлагаа тогтворжих хандлагатай байгаа тул хязгааралтуудыг сулруулах төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай байна. Гэхдээ хэт эрт бус, үе шаттайгаар сулруулах хэрэгтэйг цохон тэмдэглэжээ.
"Өвчний явц хөнгөн байгаагийн хүчинд бид хязгаарлалтуудыг үе шаттайгаар сулруулах боломж бүхий цар тахлын шинэ үе шатанд шилжиж байна” гэж Германы хамгийн олон оршин суугчтай Хойд Рейн-Вестфали мужийн ерөнхий сайд Хендрик Вуэст "Welt” сонинд мэдээлсэн байна.
Германы Канцлер Олаф Шольц болон мужуудын захирагч нар лхагва гарагт хуралдахаар товлоод байна. Сангийн сайд Кристиан Линднерийн хувьд уг уулзалтаар дорвитой шийдэлд хүрэхийг холбооны, мужийн засаг захиргаадад уриалаад, түүний дараа "өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах” ёстой гэдгийг нэмж хэлжээ.