НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Африкийн Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны ээлжийг хүлээлцэв. Үүнтэй холбогдуулан Секторын штабаас Монгол Улсын Зэвсэгт хүчний мото буудлагын батальон Гана улсын цэрэг, цагдаагийн зэвсэглэсэн салбартай хамтарсан сургалт, дадлагыг өнгөрсөн сарын 26-нд зохион байгуулжээ. Уг сургалт, дадлагад мотобуудлагын батальоноос 50 цэргийн алба хаагч хамрагджээ. Дадлага сургалтаар батальоны хариуцаж буй бүсэд үүсэж болзошгүй цагийн байдалд ажиллах дэс дараалал, иргэдийн үймээн, түүнийг таслан зогсоох арга тактик, цэргийн цагдаагийн бүлэгт ашиглаж буй хүн нэг бүрийн хамгаалах хувцас, хэрэгсэл, аминд үл хүрэх зэвсэглэл, тэдгээрийг ашиглах нөхцөл, шаардлага зэргийг судалжээ.
Сургалтын төгсгөлд Гана улсын цэргийн алба хаагчидтай хамтран иргэдийн үймээнийг таслан зогсоох сургалтыг хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэгсэл, зэвсэг, техниктэйгээр дадлагын хэлбэрээр зохион байгуулж, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадварыг нэмэгдүүлсэн талаар Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.