Капитал банкийг татан буулгах ажиллагааны хүрээнд эрүүл мэнд болон нийгмийн даатгалын сангийн өр төлбөрөөс 78 тэрбум төгрөг барагдуулаад байна.
Тодруулбал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын сангийн өр төлбөрөөс мөнгөн хөрөнгөөр 16.6 тэрбум, хөрөнгөөр 61.5 тэрбум төгрөг барагдуулжээ. Энэ хоёр сангийн өр төлбөрт 22.4 тэрбум төгрөгийн хөрөнгө тооцон шилжүүлэхээр гэрээ хийж байгаа. Цаашид ч үргэлжилнэ гэдгийг Банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү тэмдэглэлээ.
Монголбанкнаас 2019 онд Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагч томилогдсоноос хойш өнөөдөр хүртэл хугацаанд нийт 353,134 харилцагч буюу төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн 238.8 тэрбум төгрөгийн өр барагдуулав. Үүнээс төрийн 26 байгууллагын 108.7 тэрбум, 353,108 иргэн, аж ахуйн нэгжийн 130.1 тэрбум төгрөгийг барагдуулаад байгааг Монголбанк мэдээллээ.
"Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагч томилогдох үед 6,912 зээлдэгчийн 241 тэрбум төгрөгийн зээл бүртгэлтэй байсан бол одоогоор 746 зээлдэгчийн 152.7 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байна. Үүнээс 94.5 хувь буюу 530 зээлдэгчийн 144.3 тэрбум төгрөгийн зээл нь чанаргүй ангилалтай байгаа аж.
БЭХА нь 2019 онд олон нийтэд нээлттэй тендэр зарлаж, банкны хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний "Лэндс” ХХК, "Итгэлт бээс” ХХК, "Гэрэгэ эстимэйт” ХХК-иар хийлгэжээ. Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-аас ажлын хэсэг томилж, төрийн хохирол барагдуулахаар 2020 онд хөрөнгийн хөндлөнгийн үнэлгээний "Дамно” ХХК-иар банкны үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэсэн байна.
Энэ үнэлгээний дүнгдуудлага худалдааны анхны дуудах үнэ болон өр төлбөрт тооцох суурь үнээр тогтоож, өр төлбөр барагдуулж байгаа. Капитал банкны өмнөх удирдлагуудад холбогдох банкийг хохироосон байж болзошгүй үйлдлийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, АТГ 2019 оноос шалгаж байгаа ч одоогоор мөрдөн шалгах ажиллагааны явцад банкийг хохироосон гэх этгээдүүдээс хөрөнгөөр болон мөнгөн хэлбэрээр хохирол барагдуулах ажиллагаа хийгдээгүйг Т.Дэлгэрхүү онцлов.