Дэлхийн өв соёлыг хамгаалах өдөр тохиож байна. ЮНЕСКО-гийн ерөнхий ассемблейн XXII чуулганы хуралдаанаар 1983 онд жил бүрийн 4 дүгээр сарын 18-ны өдрийг "Хөшөө дурсгал, дурсгалт газрын Олон улсын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарч байв. Тэр цагаас хойш дэлхийн улс орнууд энэ өдрийг нэгдсэн хэлбэрээр тэмдэглэх болжээ. Энэ өдөр өөр өөрийн өв соёлоо хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлж хойч үедээ өвлүүлэн үлдээх талаар ажил өрнүүлж ёслон тэмдэглэдэг уламжлалтай. Дэлхийн Байгаль болон соёлын өвийг хамгаалах тухай конвенциор ач холбогдолтой, хосгүй үнэт, гайхамшигт үл хөдлөх дурсгалыг хамгаалдаг. Одоогоор дэлхийн 1000 гаруй өвийг бүртгэжээ. Үүнээс 800 гаруй нь соёлын өв байна.
Манай улс олон улсын дээрх конвенцид 1990 онд нэгджээ. Энэ үеэс Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Алтайн нурууны хадны зураг зэргийг цогцолбор дурсгалууд, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилга шүтлэгт газруудыг бүртгүүлсэн юм. Хөшөө дурсгал гэдэг нь хөдлөшгүй том гавьяаг, эсвэл түүхэн замналыг үе үедээ дуурсган үлдээх, мөнхжүүлэх гэсэн зуун зууны ард түмний гэгээн хүсэл, ариун санаа юм.