ХХААХҮЯ одоогоор 40 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн нэрсийг орон нутгаас хүлээн авч нэгтгэн, гэрээний дагуу арилжааны 8 банканд хүргүүлснээр хөнгөлөлттэй зээл олгож байна.
Арилжааны банкуудын мэдээлснээр, 441 аж ахуйн нэгж, иргэнээс 130.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, үр тарианы чиглэлийн 62 аж ахуйн нэгжид 7.2 тэрбум, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 101 иргэнд 2.1 тэрбум, нийт 9.3 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Түүнчлэн, 112.3 тэрбум төгрөгийн зээлийг судалж байгаа аж.
Энэ онд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12.0 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийт 559.6 мянган га–г тариалж, 339.9 мянган га-д уринш боловсруулахаар бэлтгэлээ базааж байна.
Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэхээр "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд 3 хувийн хүүтэй 150 тэрбум, төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай олгохоор шийдсэн билээ.