БНСУ-д ОУХМ Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын анхны алтан медалийг хүртлээ.
Тэрбээр тус тэмцээнээс ийнхүү хоёр дахь медалиа хүртэж, дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Монголын Уулчдын үндэсний холбооны баг тамирчид БНСУ-ын Чонгсон хотноо зохион байгуулж буй дэлхийн цомын АШТ-д тэмцээнд оролцож байгаа бөгөөд нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн юм. Чонгсоны ДЦАШТ-тэй давхцан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн явагдаж байна.
Тус хотод 2018 онд болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнээр ОУХМ Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар эх орондоо өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалийг авчирсан юм.
Энэ удаа Монгол Улсаа төлөөлөн Сутайн бор клубын тамирчин ОУХМ Н.Хэрлэн, спортын дэд мастер Б.Ариунбаяр, "Монголиан экспедишн” клубын тамирчин, спортын дэд мастер Д.Отгонхүү, "Хайрхан аялагч клуб”-ын тамирчин, спортын мастер Д.Баасандорж, "Улаанбаатар аялагч клуб”-ын тамирчин, спортын мастер Ч.Мандахбаяр нар уг цуврал тэмцээнд оролцож байна. Тэмцээнд дэлхийн 19 орны 105 тамирчин хурд, техник гэсэн хоёр төрөлд өрсөлдөж байгаа юм.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг